Нийслэлийн 23 сургуулийн 50 жилийн ойд зориулсан номонд манай ангийн Д. Батболд (Маленкий) бичсэн өгүүлгийг толилуулъя.

Дээр номонд орсон өгүүлгийг зарим нэгэн зургуудаар баяжуулаад орууллаа. Сонирхолтой гэж бодож байна.

Даваагийн Батболд

Image

Маленький

(Ардын боловсролын Тэргүүний Ажилтан, боловсрол судлалын магистр зөвлөх багш, Улсын тэргүүний “Орчлон” сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирал)

МИНИЙ СУРГУУЛЬ – МИНИЙ НЭРИЙН ХУУДАС

1975 оны хавар өглөө эрт нийслэлийн нэгэн дунд сургуулийн үүдэнд элсэлтийн шалгат өгөхөөр урт дараалалд ээжийнхээ хамт би зогсохдоо бяцхан айдас, догдлолоор дүүрэн байлаа. Учир нь би эх хэл дээрээ бус орос хэл дээр, тэгээд бүр гадаадын мэргэжилтэн багш нараар шалгуулах гэж байсан юм. Урьд өмнө нь орос цэцэрлэгээр хүмүүжих нь битгий хэл шалгалтанд бэлтгэсэн хэд хоногийг эс тооцвол оросоор нэг ч үг хэлж үзээгүй нэгэн л дээ. Гэхдээ намайг аз түшсэн үү эсвэл үнэхээр бэлтгэл сайн байсан уу ямартаа ч шалгалтандаа тэнцсэн. Ингээд Уран Мижид овогтой Даваагийн Батболд би нийслэлийн 23-р тусгай дунд сургуулийн 1а ангийн сурагч болсон юм.

Image

МУ Гавьяат Багш Хишигсүрэн

Манай сургуулийн бүх хичээл, хичээлээс гадуурх арга хэмжээнүүд орос хэл дээр явагддаг бөгөөд тухайн үеийн ЗХУ-аас уригдаж ирсэн мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж бүрэн дунд боровсролыг ямар ч үнэ төлбөргүйгээр эзэмшсэн хувьтай хүүхдүүдээ бид чинь. Манай сургуулийн хүүхдүүдийг унаган орос хэлтэй, монгол хэлэндээ сул ч гэж хүмүүс тухайн үедээ ярьдаг л байсан. Гэхдээ би үүнтэй санал нийлдэггүй ээ. Хэдийгээр монгол хэл дээр ордог хийчээл тун цөөхөн байсан ч түүнийг зааж байсан монгол багш нарын маань мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага өндөр байсан юм. Тухайлбал монгол хэл, уран зохиолыг манай ангид Хишигсүрэн багш (одоо Монгол Улсын Гавьяат Багш) заадаг байсан бөгөөд хэр сурсныг маань миний бичсэн дурсамж илэрхийлэх байх аа. Бидний эх хэл дээрээ уншиж, бичих, ярих чадвар маш сайн хөгжсөн гэдэгт би л хувьдаа итгэл төгс байна. Тэгээд ч үүнийг гэрчлэх мэт өнөөдөр төрийн нэрт зүтгэлтэн, шилдэг бизнесменүүдын дотор 23-ийн төгсөгч нар цөөнгүй байдаг шүү дээ. 23-р сургууль бол тухайн үедээ хос хэлний сургалттай элит сургууль байсан юм.

Сургуульд байхдаа би том алаг нүдтэй, дэлдэн том чихтэй, шингэхэн зөөлөх халимагтай, нүдээрээ инээсэн, намхан хүүхэд байлаа. Их л  жижигхэн хүүхэд байсан юм шиг байгаа юм аа. Манай ангийнхан надад “Маленький” гэж нэр хайрласан. Арга ч үгүй биз ээ 5 настай өмсөж байсан пальто нь 1-р ангидаа таарч байсан юм чинь. Цогцолмаа, волейболын спортын мастер Базарсад агсан, пионерийн удирдагч Соронзон (одоо Орос буриадын гавьяат багш) гээд намайг барьж аваад овоолоотой матраас руу шидчихдэг, хамраас минь чимхэх, толгой илбэх зэргээр өхөөрддөг, цаашлүүлдаг багш нар цөөнгүй байсан санагдаж байна. Ямар сайндаа л “Ямар муухай хар нүдтэй хүүхэд вэ?” гэхээр нь гэрдээ хариад нүдээ савандаад угаагаад байхав дээ.

Бидний эрдэм номын их аянд хөтөлж, хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж өгсөн хүн бол манай бага ангийн багш Адашева Тамара Сергеевна юм. Тэрээр өндөр нуруутай, гуалиг биетэй,

Image

Бага ангийн багш Адашева Тамара Сергеевна

дунд хэргэм настай, буржгар халимаг үстэй, сайхан инээмсэглэлтэй, нүдний шил зүүлэг байснаас гадна маш бодитой дүн тавьдаг, зарчимч, хатуу багш байсан санагадаж байна. Манай ангид муухай бичдэг хүүхэд ер нь л их цөөхөн дөө. Бидний бичгийн хэв маш сайн байсныг бид Тамара Сергеевна багштайгаа холбож ойлгодог. Түүний хичээлээр “онц” гарах маш хэцүү шүү. Нийт 35 хүүхдээс Алтантуяа, Наранчимэг, Лхамаа гээд цөөн тооны охид л “онцчууд” байлаа шүү дээ. За тэгээд Батсүх, Шихэр, Ариунсанаа, Лхамсүрэн, Сайнбуян, Алтансүх, Эрдэнэбат, Б.Батболд, Батцэнгэл гээд арван хэдэн хүүхэд “сайн сурдаг. Хөвгүүдээс хичээвэл хааяа Бүрэндэй, Үнэнбилэг нар бас “онц” гарна аа. Миний хувьд гэвэл, би “сайн” сурдаг л хүүхэд байсан, 4 жил бага ангид сурахдаа хичээгээд хичээгээд хоёрхон улирлаар л “онц” гарч үзсэн санагддаг юм. Намайг 4-р анги төгсөхөд сургуулийн захиргаанаас манай ээжид хүү чинь маш сайн сурагч болон төлөвшиж байгаа тухай талархал илэрхийлсэн захидал ирэхэд нь би учиргүй их баярласан санагдаж байна. Гэтэл ийм захиа надад 4 жил дарааллаад ирсэн юм билээ. Уг нь ээж ном бичгүүдээ тухай бүрт нь хүүдээ үзүүлж байсан бол би “онц” сурах ч байсан юм билүү. Зөвхөн өөрт нь зориулсан захиа л гэж боддог байсан юм шиг байгаа юм. Бусад хүүхдүүдийн хувьд болохоор аль болох “дунд” дүн цөөхөн, “сайн” дүнгээ олшруулахыг л хичээдэг байсан. За тэгээд энэ үүргээ биелүүлж чадахгүй бол ямар ч байсан “муу” авахгүйн төлөө л тэмцэлдэнэ дээ. Муу авахгүй байх гэдэг бол амьдарлын шалгарал байлаа, ямар сайндаа л “Эх орны алтан гурав” гэдэг байв даа.

Гэтэл одооны хүүхдүүд бүгдээрээ л А, В үнэлгээтэй, бидний үеийнхээр бол онц, сайн сурах болж дээ. Ер нь одоо муу сурдаг хүүхэд байдаг болов уу? Үнэлгээ бодитой биш байна гэдэг бол сайн зүйл биш. Ахлах ангид ороход манай ангид 100%  “онц” сурдаг хүүхэд нэг ч үлдээгүй. Бүх хичээл дээр л жигд өндөр шаардлага тавьдаг байсан тул үнэндээ хэцүү л дээ.  Монгол сургуулиуд шиг 75%-ийн “онц” гэж байсан бол нилээд хэдэн хүүхэд “онц” гарах байсан л даа. Гэхдээ 23-р сургууль дүнг бодитой байхыг илүүд үздэг байсан.  Энэ нь ч бидэнд сайнаар туссан. Би оюутан болсон хойноо манай сургуулийн хүүхдийн чансаа бусад хүүхдүүдийнхээс хол илүү болохыг мэдрэхийн хирээр сургуулиараа бахархах сэтгэл төрдөг байлаа. Манай төгсөлтөөс 10б сурагч Очирсүх л (МУ-ын Сангийн сайд асан) ганцаараа 10-р ангиа “Онц” төгсөж байсан юм.

Бага ангид сурч байхад хамгийн гоё баяр бол шинэ жил байлаа. Одоогийн хурлын заал чинь тухайн үедээ биеийн тамирын заал байсан юм. Тэнд маш том амьд сүлд мод засдаг, тэгээд түүний тоглоом, гоёл чимэглэлийг нь хүүхдүүд өөрсдөө хийж чидмэг байлаа. Өөрсдөө хийсэн болоод ч тэр үү тоглоом, чимэглэл нь их л таалагддаг байсан. Манай ангийн Алтантуяа, Наранчимэгийн аав нар маш сайхан зурдаг хүмүүс байсан тул эцэг эхчүүд их л гоё ханын сонин гаргадаг байсан.

1985 оны 10 а ангийн шинэ жилийн ханын сонин. Тамир ба Бүрэндэй нарын бүтээл.

Магадгүй тэдний хийсэн ханын сонингууд манай ангийн хөвгүүдийг сайхан зурдаг болоход нь багагүй нөнөөлсөн байх. Эрдэнэбат, Тамир, Бүрэндэй, Сайнбуян гээд үнэхээр мундаг зурдаг хүүхдүүд олон байсан даа манай ангид. За тэгээд “В лесу родилась ёлочка, в Imageлесу она росла…” гээд л тойрон бүжгээ хийн, шүлэг уншиж, дуугаан дуулаад янз бүрийн үлгэрийн баатруудын дүрд хувиран жүжигчилсэн тоглолт хийн, өвлийн өвгөнийг угтан авч ”онц”-чууд бэлгээ авдаг байлаа. Ангидаа орж ирэхэд эцэг эхийн зөвлөл бүх хүүхдүүдэд бэлэг өгч биднийгээ нэг сайн баярлуулна даа.

Дунд ангид ороход манай ангийн багш солигдож Лашина Елизавета Михайловна гэж орос хэл, уран зохиолын багштой болсон. Махлаг, дунд зэргийн нуруутай, алтан шүдтэй, нүдний шил зүүдэг настайвтар багш байсан санагдана.

Image

Лашина Елизавета Михайловна 4-7 ангийн багш

Манай Тамара Сергеевнагаас ч хатуу багш байлаа. Би багшийгаа 7-р анги төгсөөд Сүхбаатар жанжны талбай дээр ангиараа зугаалж явах үедээ инээж байхыг нь анх хараад маш их гайхсан гээд л бод доо. Елизавета Михайловна бол дайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг л багш байсан. Магадгүй би орос хэлэндээ ангийнхнаасаа арай сул байсан болоод ч тэр үү, багшаасаа их айдаг байсан байх. Дунд ангид сурч байхад маш их ном уншдаг, тэмдэглэл хөтөлдөг, бүр ангиараа сургуулийн номын санд тодорхой хуваарийн дагуу суудаг, ДСНК одоогийн РЦНК дээр долоо хоногийн хагас сайн өдөр болгон очиж кино үзэж, уулзалт зохион байгуулан, шинжлэх ухааны үзэсгэлэн үздэг байсан. Ер нь л манай сургуулийн хичээл болон хичээлээс гадуурх ажлууд уялдаа холбоо маш сайтай, хүүхдийн бүх талын өв тэгш хүмүүжил, анги хамт олны коллектив, нийгэмшилд онцгой ач холбогдолтой байсан юм. За тэгээд анги хамт олон бүрэлдэхийн хэрээр охид, хөвгүүд гэлтгүй их тоглодог, бие биенийхээрээ очдог байлаа.

Image

Бригель, Түвшин, Сократес, Платини/Зико

Image

Платини жёнглер

Хөвгүүдийн нэг онцгой хобби бол хөл бөмбөг шүү дээ. Бид ангидаа хичээлийн завсарлагаанаар, заримдаа бүр багшийн нүдийг хариулж байгаад хичээл дээрээ цаас ашиглаад ширээн дээрээ 2-3 төрлийн хөл бөмбөг тоглоно. Бүр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг байлаа шүү дээ. Хичээл тарахаар гадаа шайб, лааз, 3-ын бөмбөг, хөл бөмбөг гээд хэд хэдэн төрлийн бөмбөг өшиглөдөг байсан шүү. Дүрмийг нь өөрсдөө зохиочихно оо. Хөл бөмбөг бол манай ангийнхны “өвчин” юм. Футбол хоккей, Советский спорт, Стадион, Кепес спорт гэх мэт спортын сонин сэтгүүлийг төв шуудангаас тогтмол авч уншдаг, хөл бөмбөгийн багуудын зураг цуглуулж, хоорондоо солилцоно. Ер нь л спортын талаар маш сайн мэдлэгтэй байсан. Бие биендээ Сократес, Платини,  Кубилас, Шилтон, Росси, Бун Кун Ча, Чивадзе гэх мэтээр дэлхийн  алдартай хөл бөмбөгчдийн нэрийг өгчихнө. Бусад ангийн сайн тоглодог хүүхдүүдэд ч бас Пеле, Бригель, Хрубеш гэх мэтээр нэр хоч өгнө. Тэгээд л дүрдээ иргээд л тоглож гарна даа. Манай сургуулийн орчинд хөл бөмбөг тоглох газар мундахгүй их байсан юм. Одоо ч сургууль руугаа орох жимтэй үлдсэн нь их юм болсон шиг байна лээ. Хичээлдээ цаг хагасын өмнө ирнэ, тараад 2 цагийн дараа харина. Гэртээ ирээд яагаад оройтсон оо тайлбарлах гэж ёстой “залж” өгнө дөө. Манай анги сургуулийн хөлбөмбөгийн аварга шаргаруулах тэмцээнд 7-р ангидаа 3-р байранд орж байсныг эс тооцвол бүгдэд нь түрүүлж байсан түүхтэй. Ер нь 23-ийнхан хөл бөмбөгөөр “өвчилсөн” ард түмэн байсан юм. Би л гэхэд хөлөө хугалчихаад гибстэйгээ хөл бөмбөг тоглоод зогсож байлаа шүү дээ. Одоо ч гэсэн бид энэ тэнд олуулаа цуглаж, хөл бөмбөг үзэх дуртай.

Тэр үед дуут жагсаалын тэмцээнийг их өндөр түвшинд зохион байгуулдаг байсан цаг, манай анги сургуульдаа түрүүлээд төв цэнгэлдэх болсон улсын хэмжээний том арга хэмцээнд Будёновын хувцастай оролцож явлаа. Мөн манай анги сурлага, хүмүүжлээрээ “Нийслэлийн тэргүүний бүлэг”-ээр шалгарч байсан. Манай ангийн дарга Алтантуяа үүнд ир чухал үүрэг гүйцэтгэсэн. Ямар үүрэг гүйцэтгэсэн нь нууц үлдэг.

Елизавета Михайловна багш биднийг 7-г анга төгсгөөд нутаг буцаж, манай ангийг 8-р ангиас нь Виктор Дмитриевич Чечунин гэдэг физикийн багш авлаа. Тэрээр нар шиг гэрэлтсэн халзан, жижигхэн толгойтой, дунд зэргийн нуруутай, чийрэг зузаан биетэй, маш сайхан ааштай, гарын дүйтэй, сагс сайхан тоглодог багш байсан даа.  Багш маань биднийг загнана гэж үгүй, хүүхдүүдэд нээлттэй, биднийг их “эрхлүүлдэг” учраас бид их дураараа байсан гэх үү дээ. Манай ангиас би багшийнхаа мэргэжлийг өвлөсөн физикийн багш болсон. Би багш болно гэж ерөөсөө боддоггүй байсан л даа.

Image

Архангельская Людмила Петровна, Болор-Эрдэнэ

Гэхдээ л математикийн багш Архангельская Людмила Петровна, манай ангийн багш хоёр намайг физик-математикийн чиглэлээр явбал амжилтанд хүрнэ гэдгийг минь мэдээд байсан юм шиг ээ. Би чинь “сайн” сурдаг, “онц” сурахыг нэг их эрмэлздэггүй, “сайн” дүн бол миний хувьд хангалттай гээд итгэчихсэн байсан. Гэтэл энэ хоёр багш надад илүү их потенциал байгааг мэдэрч, байнга сануулж, аргаддаг, сэтгэл дундуур байгаагаа ч илэрхийлдэг байсан юм. Хүүхэд л болсон хойно яаж ойлгох вэ дээ. Нөгөө “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдэг шиг. Хожим оюутан болсон хойно оо л ухаарсан даа. Гэхдээ би багш нарынхаа итгэлийн даасан, сайн багш болж чадсан.

Image

Валентина Васильева, Галина Сергеевна, Януто Николай Николаевич, Нила Михайловна, Соломатина Людмила Романовна, Надежда Александровна, Костылева Лидия Михайловна, Лидия Михайловна, Людмила, Архангельская Людмила Петровна, Лашина Елизавета Михайловна.

Одоо эргээд бодоход 23-р сургуулийнхаа багш нарыг мэргэжлийн хүний хувьд дүгнэхэд маш чадварлаг мэргэжилтнүүд байжээ гэж боддог, бахархдаг. Жишээлбэл: математикийн багш Кисина Ирина Александровна, Валентина Васильевна, биологийн багш Галина Сергеевна, физикийн багш Януто Николай Николаевич, химийн багш Нила Михайловна, орос хэл, уран зохиолын багш  Соломатина Людмила Романовна, Надежда Алесандровна, түүхийн багш Коломиец Юрий Александрович, Костылёва Лидия Михайловна, хичээлийн  эрхлэгч Галгин Алексей Александрович, Зоя Ивановна гээд үнэхээр гайхамшигтай багш нараар заалгаж байжээ.

Манай ангиас Бүрэндэй, Үнэнбилэг, Эрдэнэбаяр тэгээд би сургуулиа төлөөлөн дүүрэг, хотын математик, физикийн олимпиадуудад амжилттай сайн оролцож явлаа. Мөн манай ангид Лхамаа, Алтантуяа, Наранчимэг, Номин гээд орос хэл дээр эх зохиох, найруулан бичихдээ гайхамшигтай чадварлаг охидууд цөөнгүй байлаа. Одоо миний харж байгаагаар тэдний түвшинд бичиж чаддаг хүүхдүүд дунд сургуульд ховор л юм билээ. Бас нэгэн онцлох зүйл бол манай ангийн хөвгүүдийг баг сургуулийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд 1983 онд 2-р байранд, 1984, 1985 онуудад аварга, охидуудын баг 1984 оны сагсан бөмбөгийн аварга болж байсан юм. Манай ангид сургууль болон Хоршоолол нийгэмлэгийн идэрчүүдийн волейболын багт тоглодог Бүрэндэй, Сайнбуян, Б.Батболд, тэгээд би гээд 4 тоглогч байсан юм чинь арга ч үгүй биз.

Image

1983 оны МХЗ Эвлэлийн цомын тэмцээний эрэгтэй мөнгө, эмэгтэй алт багаар цом авсан тэмцээний зураг

23-р сургууль бидний үед волейболын секцийн сургалтаараа улсын хэмжээнд алдар цуутай байсан юм. Энэ нь Базарсад багштай салшгүй холбоотой. Багш маань маш цэмцгэр, цагийг чанд баримталдаг, шаардлага өндөр хүүхэд үнэн хайртай, ажилдаа хариуцлагатай хүн байсан юм. Манай секцийн хүүхдүүд биеийн тамирын зааланд талбай дундуур гуталтайгаа явах нь бүү хэл орохдоо бараг мөргөж ордог, бэлтгэл эхлэхийн өмнө заалаа цэвэрлэдэг, шалаа тосолдог, волейболын секцний сэмэрч, урагдсаныг оёж, янзалдаг байсан.

1983 оны МХЗЭ-ын цомын тэмцээний мөнгөн медальт баг. Алтанбагана, Сайнбуян, Алтансүх, Батболд Б, Батболд Д, Одхүү, Спортын мастер Базарсад багш(1959 оны МУ шигшээ багын хамт ДАШТ оролцож байсан) Мөнхбаяр, Бүрэндэй

“Муу” сурсан эсвэл бэлтгэл дээр багшийн нүдийг хуурдаг, шалтгаангүй хичээл тасалдаг, хүмүүжлийн доголдол гаргасан хүүхдүүдийг секцнээсээ шууд хасдаг, зарчимч хүн байлаа. Волейболын секцэнд явснаар би их зүйлийг сурсан. Би чинь их намхан хүүхэд байсан болохоор волейбол тоглоход гологдол байсан л даа. Тоглож сурахын тулж маш олон шалгуурыг даван туулж билээ. Жишээлбэл: секцэнд орохын тулд нурууны өндөр, сурлага, сайн байх хэрэгтэй. Орсон хойноо сайн бөмбөгөөр тоглохын тулд волейболын текникийг сайн эзэмшсэн байх шаардлагатай. Хамгийн сайн хүүхдүүдэд япон бөмбөг, дараагийн хүүхдүүдэд чех бөмбөг, үлдсэн нь булцуутай, үдээстэй гээд жаахан дефекттэй бөмбөгүүд ноогдоно. Заримдаа хүүхдийн тоо хэт олширвол булцуутай бөмбөг ч олдохгүй шүү дээ. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө хэр сайжирч байгааг ямар бөмбөг ноогдож байгаагаар нь тодорхойлж болно гэсэн үг. Гэхдээ би бэлтгэл сургуулилтын явцад бүхий л сорил, шалгууруудыг зориг тэвчээр гарган даван туулж чадсан. “Хоршоолол” нийгэмлэгийн шигшээд ч тоглож үзсэн гээд бод доо. Үүгээрээ би бахархаж явдаг. Энэ бол миний хувьд нугасны муухай дэгдээхэй хун шувуу болон хувирсан үлгэр байсан юм. Би волейболын секцэнд явснаар хөдөлгөөний эвсэлтэй, мэдрэмжтэй, хурдтай, хүчтэй болсон. Хамгийн гол нь бэрхшээлийг давах туулах сэтгэлийн тэнхээтэй болсондоо Базарсад багшдаа би талархаж явдаг. Манай сургуулийн волейболын шигшээ баг олон сайхан амжилтуудыг авчирсан. Жишээлбэл: 1982 оныд идэрчүүдийн улсын аваргаас хөвгүүд мөнгөн медаль. 1983 онд МХЗЭ-ийн цомын төлөөх тэмцээнээс хөвгүүд мөнгө, охид алт, багаараа цомын эзэд болж байсан. Мөн 1983 онд идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хөвгүүд алт, 1984 онд пионер сурагчдын IV спартакиадын хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө авч байсан түүхтэй. Манай сургуулиас эрэгтэй тамирчдаас эрүү Баясаа (одоо спортын мастер), Махмуд Баясаа, бразил Цолмон, Мэндбаяр, Цэцэн ( одоо спортын мастер), Ганболд, Алтансүх (спортын мастер), Одхүү (манай багийн ахлагч), Сайнбуян, Бүрэндэй, Б.Батболд, Мөнхбаяр, эмэгтэй тамирчдаас Оюунгэрэл ( одоо спортын мастер), Бямбасүрэн( одоо спортын мастер), Амарсанаа ( одоо спортын мастер), Баясгалан, Отгонбаяр гээд улсдаа нэрээ дуурсгасан олон шилдэг тоглогчдыг дурдаж болно.

Image

Хөдөлмөр зусланд

Бас нэгэн зүйл дурдахгүй өнгөрч болохгүй нь ээ. Манай сургуулийн ахлах ангийн сурагчид зун болохоор Төв аймгийн Баянчандмань суманд байрлах хөдөлмөр зусланд ажиллаж, амардаг байлаа. Нэг ангиас тодорхой тооны хүүхдүүдийг явуулдаг байсан тул надад 1982 онд нэг удаа явах завшаан олдсон. Манай секцийн багш Базарсад биднийг хариуцаж явсан юм. Өглөө эрт босож шүүдэртэй өвсөн дээр волейболынхоо бэлтгэлийг хийн, өдөр нь ногоон талбай дээр зэрлэг зулгааж, орой нь хөл бөмбөг, теннис тоглон, гитар тоглож дуулан, бүжиглээд маш зугаатай хөгжилтэй байдаг байж билээ.

Хөдөлмөр зусланд ногооны талбай дээр 1984 он.

Ер нь тэр үеийн дунд сургуулиуд бүгдээрээ л хөдөлмөр, амьдрах ухаанд сургадаг сургалтаын чухал хэлбэрийн нэг байсан нь одоогийн хүүхдүүдэд үнэхээр үгүйлэгдэж, бие даан хөдөлмөрлөж, хариуцлага хүлээн амьдрах чадварт сургах арга зайлшгүй хэрэгцээтэй байгаа нь харагддаг.

Image

1984 онд 10а ангийн үйлдвэрийн футболка. Модель Б.Батболд

Манай ангийнхан маш хамт олонч, тоглох дуртай, үргэлж л нэг шинэ юм сэдэж, бусдын анхаарлыг өөртөө татаж, өөрсдийгөө зугаацуулдаг хүүхдүүд байсан. Манай анги сагсан бөмбөгийн тэмцээнд хөвгүүд нэг их том амжилт гаргаж байгаагүй л дээ. Гэхдээ хэдүүлээ олны анхаарлыг татсан нэг зүйл хийе гэж сэдээд майк, футболкан дээрээ будгаар цоолбор хийж орсон нь олон хүүхдэд таалагдсан юм. Дараа  жилээс нь бусад ангиуд дуурайж хийдэг болсон ч ур хийц нь манай ангийн зураачдынхыг яаж гүйцэх вэ дээ. Тэр үед чинь биеийн тамирын оригиналь өмсгөл, канттай цагаан оймс олддоггүй байлаа шүү дээ. Энэ их хөгжилтэй амьдарлаа фото зурганд буулган ихэнх нь л “Смена”, “Зенит” маркийн зургийн аппаратаараа тухайн үеийн мэргэжлийн зурагчдаас ч дутуугүй уран сайхны зургийг аван тухайн үедээ фото зургийн урлагийг багагүй хөгжүүлэ байсан билээ.

10-р ангидаа сургуулийнхаа урлагийн үзлэгт түрүүлж байсан. Ялангуяа манай Ариунсанаа, Наранчимэг, Тэмүүлэн нарын бүжиглэсэн испани бүжиг олныг бишрүүлж, бусад нь өөрсдөө бүржиглэчихсэн юм шиг л хөөрч байсныг сайн санаж байна.

Латин бүжиг. 10а ангийн урлагын үзлэгийн тэмцээн 1985 он.

Урлагын одууд: Наранчимэг, Бямбасүх, Ариунсанаа, Ганчимэг, Тэмүүлэн

Тэр жилийн урлагийн үзлэгийн амжилтандаа эрдэн бүгдийнх нь урлагийн авьяас тодрон Болдоогийн гэрт Хатанзориг, Бат-Очир, Эрдэнэбаяр, Молор, тэгээд би гээд хэдүүлээ зүгээрийг хийж суухдаа төмөр орын пуршээр бөмбөр хийж, басс, римт, соль гитараар тоглож 60 минутны аудио бичлэг хийснийгээ хожим дунд сургууль төгссөний 10 дахь жилийн уулзалтаараа сонсоход үнэхээр сэтгэл хөдлөн өөрсдөөрөө бахархан хөөрч билээ. Одоогийн залуучуудынхаар бол “СD”-гээ бичүүлсэн юм шиг байгаа юм. Гэхдээ ямар нэг зорилгогүйгээр, санамсаргүй…

Хэдийгээр бид тоглох дуртай байсан хэдий ч сургуулиа чанартай сурч төгссөн. Манай ангиас 3 хүүхдээс бусад нь бүгд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтандаа тэнцэж байсан юм.

Ингээд эргээд дурсахад 10 жилийн амьдрал маань үнэхээр тансаг аз жаргалаар дүүрэн байжээ. Би энэхүү сургуулийг төгссөндөө ээждээ, мөн ЗХУ-ын мэргэжилтэн багш нартаа маш их талархаж явдаг. Багш нарынхаа заасан хичээл, өгсөн хайр халамж, ач буянаар өнөөдөр өөрийгөө ямар ч аавын хүүгээс дутахааргүй эрдэм мэдлэг, боловсролтой, нийгэмдээ хийж бүтээсэн зүйлтэй, эх орныхоо ирээдүйг бүтээлцэхэд цаашид ч багагүй хувь нэмрийг оруулж чадахуйц чансаатай мэргэжилтэн болсон гэж би хувьдаа өөрийгөө үнэлэн өөгшүүлж, эрч хүчийг олдог.

Ээж Даваа хамгийн түрүүнд баяр хүргэлээ

Энэ бүхэн нь миний төрөлх 23-р сургуулийн маань хөшүүрэг гэж боддог.

Advertisements
This entry was posted in Ангийн хамт олон and tagged . Bookmark the permalink.

9 Responses to Нийслэлийн 23 сургуулийн 50 жилийн ойд зориулсан номонд манай ангийн Д. Батболд (Маленкий) бичсэн өгүүлгийг толилуулъя.

  1. Зочин хэлдэг:

    Ok ok ok

  2. bold хэлдэг:

    Xairt naizdaa bayarlalaa saixan dursamjiig sanuullaa chamdaa ajild tani, amidrald tani xamgiin sain saixniig xuseye.

  3. Lkhamaa хэлдэг:

    Bayrlala Malenki, unshisan chin nulims garchihgaad bna. Setgel hoorood yum bichmeer sanagdaj bna shuu. Bi chamaas uulzahdaa dandaa asuudasghdee, chi yaj buh yumig surch chadaad baidag bsan yum be gej. Voleyball, sags, hol bombog, guitar darah, zurah geed… Hodolmor zutgelees gadna chamd burhan avyas ogson gej bi dotroo boddog, neeree shuu. Deer n chi horvoog ih ieregeer hardag hun yum bna, ene n chamaig hurtsalj, uram zorig ogdog. Huni unet zuil, dotood setgel zov baih n hamgin erhem yum bna gedgig cham deer haraj, bayrlaj yavdag shuu.

  4. aagii хэлдэг:

    Shine udriin mend
    Saixan bailaa. Ta buxneesee dandaa l erch xuchiig avdag, yaria, setgel… taardag boloxoor ta nariigaa sanaj bna. Daraa uulzatlaa

  5. Ж.С хэлдэг:

    гоё дурсамж гоё зурагнууд байна, баярлалаа
    23р сургууль 1989 оны 10в ангийн төгсөлт Ж.С

  6. Ш.Э хэлдэг:

    гайхуулж байсан аль ч талаараа бид, Монгол хэл, уран зохиолын багш Долгормаа бас л дурсагдах хүний нэг.

  7. Ш.Э хэлдэг:

    Долгор багш шүү

  8. Зочин хэлдэг:

    Ж.С гэж хэн бэ? Нэрээ бүтэн бич………

  9. мөнхзул хэлдэг:

    сайн уу Баа багшаа зулаа байна. Санаандгүй нет ухаж байсан таны зургийг олж хараад бичсэн зүйлийг тань уншлаа. Бас сургуулийн ой болсон юм байна баяр хүргэе оройтсон байж ч магад гэхдээ яахав. амжилт

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s